Японы амьдрал, академик сургалт Германаас юугаараа ялгаатай вэ?

Болзошгүй соёлын шок болон академик сургалтын балансыг тохируулах.

  • Япон дахь амьдрал
  • Яагаад Япон?

Arvid

German

Hiroshima University

Магистр

Оюутны профайл зураг

Би юугаар суралцдаг вэ?

Би Ухаалаг нийгэм (SMASO)-ийн инноваци болон практик чиглэлээр магистрын сургуульд суралцдаг. Энэ нь JICA, MEXT болон бусад хөтөлбөрүүдийн тэтгэлгээр АСЕАН, Африк зэрэг олон орноос гадаад оюутнууд хүлээн авдаг олон улсын байр IDEC дэх Хирошима их сургуулийн кампус юм. Зөвхөн хичээлүүд л IDEC байранд ордог бол манай лаборатори архитекторуудын давхарт байрлах инженерийн байранд байдаг. Би Японд ирэхийн өмнө Германы Засгийн газарт (GIZ) Вьетнам дахь цэвэр эрчим хүч, тойрог эдийн засаг мэргэжлээр ажиллаж байсан. Хирошимагийн их сургуульд агааржуулагч, дулааны насосны чиглэлээр суралцахаар ирсэн. Тиймээс миний эрдэм шинжилгээний ажлыг профессор Саяка Киндайчи удирдаж байна.Би эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй ба миний судалгааны гол сэдэв бол Германы шинэ хотын халаалт төлөвлөлтийн тухай хууль болон HVAC техникчдийн худалдан авалтын шийдвэр юм. Япон бол агааржуулагч, дулааны насос өндөр хөгжсөн орон учир Японд эдгээр системийг ойлгоход сайхан орчин байдаг бөгөөд би төгсөөд Япон, Герман хоёр орны хооронд дулааны насос хөгжүүлэх чиглэлээр ажиллах боломжтой гэж найдаж байна.

Гайхалтай кампус

Японы Ахисан Шатны Сургууль

Судалгааны ажилтай магистрын хөтөлбөр сонгосон нь өдөр тутмын судалгаанд илүү төвлөрөх боломжтой юм байна. Германд ийм байдаггүй. Би судалгаанд тус болох арвин их ажлын туршлагатай, мөн Хирошимагийн их сургууль анхан шатны дата олоход надад тусалдаг бөгөөд Японы 4 улирал бүхий 12 сарын сургалтын систем нь судлаач бидэнд 12 сарын турш туршилт болон асуулгаар дата цуглуулах боломжийг олгодог.

Германд магистрын хөтөлбөр ихэвчлэн дараалсан хоёр жилийн хугацаатай бөгөөд судалгааны ажил нь ихэнхдээ 6 сар л байдаг. Профессор багш нь цаг зав багатай, оюутнууд номын сангаас л суралцдаг. Хэрэв мэргэжлийн карьертаа өшөө инженер/техникийн талаар мэргэшиж суралцахыг хүсвэл Германд дахин бакалаврт суралцах шаардлагатай болно (Германд ихэнх магистрын хөтөлбөр дараалсан байдаг учир). Японд судалгааны оюутнуудад элсэлтийн шалгуурыг хангахад зориулсан семестрийг санал болгодог. Миний хувьд энэ семестр шаардлагагүй байсан. Элсэлтийн шалгалт онлайн танилцуулга хэлбэртэй байсан ба магистрын хөтөлбөр Англи хэл дээр явагддаг учраас.

Миний магистрын хичээлүүд Англи хэл дээр ордог ч харамсалтай нь Англи хэл дээрх хичээлийн 40% нь тийм ч чанартай биш. Харамсалтай нь миний япон хэлний түвшин япон хэл дээр хичээл ойлгох хэмжээний биш. Профессорууд маань англи хэлдээ муу лабораторийн япон хамтрагчид болон над шиг япон хэлдээ муу оюутнууд хоорондын эрдэм шинжилгээний яриа, харилцааг сайжруулах зорилгоор англи хэл дээр Brown bag үдийн хоолны уулзалтыг зохион байгуулдаг. Ихэнх профессорууд англи хэлээр сайн ярьдаг бөгөөд тусламж үзүүлэхэд үргэлж нээлттэй байдаг.

Байгаль болон хотын амьдралын зохицол

Хирошимагийн их сургууль болон Хигаши-Хирошима нь суралцахад гайхалтай сайхан газар юм. Энд ирэхийн өмнө Ханойд ажиллаж байсан болоод ч тэр үү, Хигаши-Хирошима нам гүм, үнэхээр таатай. Хирошимагийн их сургуулийн төв хэсэгт үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн бий. Би өдөр бүр Куросэ голын эргээр дугуй унадаг. Би шөнөдөө Сайжо Саке үйлдвэрийн худаг руу алхаж, цэвэрхэн, амттай ус авдаг. Үзэсгэлэнт Ономичи хүртэл нэг цаг, Хирошимагийн төв хүртэл 40 минут явах ба энд гоёмсог гол мөрөн, олон дэлгүүрүүд бий. Би хавар, намрын улиралд дугуйгаар уулсыг давж Такехара руу явдаг. Хирошима хот нь Кансай, Шикокү, Кюүшюү хотууд руу зорчих боломж сайтай. Байгальд хайртай хүмүүсийн хувьд энд байх нь үнэхээр төгс юм.

Шиманами Кайдод дугуй унах нь

Би 55,000 иенээр 2 өрөө байр түрээсэлдэг. 20,000 иенээр түрээсэлдэг хүмүүсийг ч мэддэг. Би ихэвчлэн тариачдын зах руу явж маш боломжийн үнээр хүнс худалдаж авдаг. Би очихыг хүссэн газраа дугуйгаар явдаг; Токио эсвэл Кансай дахь асар том хэмжээтэй, төвөгтэй хот газар болон нийтийн тээврийг бодоход л стресс төрөхөөр юм. Өдөр бүр томоохон хотуудад зорчиход гардаг тээврийн нэмэлт зардал ч байна. Хигаши-Хирошимад амьдрахад зардал маш хямд.

Дунд байгаа цагаан орон сууц минийх

Хямд үнэтэй гоёмсог байр

Японд амьдрахад тулгарч буй бэрхшээлүүд

Японы барилгууд дулаалгагүй учраас өвөл, зун цахилгааны төлбөр өндөр болж, амьдрахад бага зэрэг тухгүй байдаг. Хуучны хямдхан хуванцар ханатай барилгууд их байдаг тул сайн байр олох нь тийм ч амар биш, ялангуяа ихэнх агентууд англиар ярьдаггүй бөгөөд гадаадынханд түрээслүүлдэггүй. Надад тусалдаг оюутан үнэхээр их тус болсон бөгөөд түүнгүйгээр би үүнийг хийж чадахгүй байсан. Вьетнамд миний өмнө нь амьдарч байсан орон сууцнууд тавилгатай байсан ч гадаадынханд үнэ нь нэмэгдэх хандлагатай байдаг. Германд бид бас өөрсдөө байраа тохижуулах шаардлагатай байдаг бөгөөд Японы түрээс болон тавилга нь Германаас хамаагүй хямд тул ерөнхийдөө надад таатай байгаа. Германд ихэнх хүмүүс дундын байранд амьдардаг бол Японд ийм зүйл байдаггүй. Тиймээс энд амьдрах нь заримдаа бага зэрэг ганцаардмал санагддаг.

Японы их сургуулийн цайны газар тийм ч эрүүл биш, цагаан хоолтнуудад ээлгүй, мөн бага зэрэг үнэтэй. Миний гал тогоо маш сайн боловч ихэнх оюутны байрууд жижигхэн тул тэдгээрийн гал тогоонд хоол хийх, бэлтгэх нь ихээхэн хүндрэлтэй байдаг. Японд дугуйчдад ээлтэй биш зохион байгуулалт муутай гудамж олон байдаг ч агаар нь цэвэрхэн, мөн дугуй унахад тохиромжтой зам олоход бага зэрэг хугацаа ордог. Японд байгалийн гамшиг тохиолдох вий гэх айдас үргэлж байдаг. Сайжо нь Японд газар хөдлөлтийн хувьд хамгийн аюулгүй газруудын нэг боловч үерийн аюул байдаг. Одоогоор юу ч болоогүй ч заримдаа гэртээ үлдэх хэрэгтэй гэсэн анхааруулга ирдэг. Би 30 гаруй настай бөгөөд Япон бол миний амьдарч байсан тав дахь улс учраас амьдралын янз бүрийн нөхцөлд хэрхэн дасан зохицохоо мэддэг.

Үерлэсэн гол

Би Японд цагийг хэрхэн сайхан өнгөрөөдөг вэ?

Би даваа гараг бүрийн 14:00-18:00 цагийн хооронд Садо (цайны ёслол) сурдаг. Мягмар, Ням гарагийн орой Айкидо хийдэг. Галт тэргээр ойрхон байдаг Ономичи руу явж, цахилгаан дугуйтайгаа Сайжог тойрон аялах дуртай. Над дээр зочлохоор маш олон найз нөхөд, гэр бүлийнхэн маань Японд ирдэг. Би тэдэнтэй хамт Үжи, Осака, Исэ, Наошима, Кан-Онжи, Мияжима руу аялсан.

Герман найзуудтайгаа

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.