Японд ажиллах
Япон дахь ажил эрхлэлт
- HOME
- Японд ажиллах
- Япон дахь ажил эрхлэлт
- Бүлэг 4. Японд ажилд ороход өгөх шалгалт
Японд ажилд ороход өгөх шалгалт
Японд ажил ороход ихэвчлэн бичиг баримтын шалгаруулалт, бичгийн шалгалт, ярилцлагын шалгалт гэх 3 төрлийн шалгалтыг ихэнхдээ өгдөг.
Эдгээр шалгалттай холбогдуулан урьдчилаад мэдвэл зохих дүрэм журам, дэг жаяг, урьдчилсан бэлтгэл, арга хэмжээ шаардлагатай.
Энэхүү бүлэгт дээрх шалгалтууд нь чухам ямар шалгалт болох талаар танилцуулна.
Бичиг баримтын шалгаруулалт
Энэ шалгаруулалт нь ажил хайх үйл ажиллагааны хүрээнд хамгийн эхэнд зохион байгуулагддаг.
Бичиг баримтын шалгаруулалтын хүрээнд мэдүүлэх баримт бичгүүдийн нэг нь "Өргөдлийн маягт" юм. "Өргөдлийн маягт"-ийг мэдүүлэх нь тухайн байгууллагын ажилтан сонгон шалгаруулалтад албан ёсоор бүртгүүлж буй хэрэг юм.
Өргөдлийн маягт нь тогтсон хэлбэргүй бөгөөд байгууллага тус бүр өөр маягттай байх ба "Тухайн байгууллагыг сонгох болсон шалтгаан", "Оюутан ахуйдаа хамгийн их хичээл зүтгэл гаргаж байсан зүйл" гэх мэт сэдвийн хүрээнд япон хэлээр зохион бичлэг бичиж өгөх зэрэг онцлогтой.
Өргөдлийн маягтын хувьд тухайн байгууллагаас тавьсан асуултад заасан үгийн хэмжээнд тааруулж, зохион бичлэгээр хариу өгнө гэдэг нь хамгийн ярвигтай байсан гэж ажил хайж байсан гадаад оюутнууд сэтгэгдлээ хэлдэг.
Өргөгдлийн маягтад тавигддаг жишиг асуултууд
- Өөрийн зан чанарыг идэх юмтай зүйрлээд, 400 үгт багтаан бичнэ үү. (Хүнсний үйлдвэрлэл)
- Ажилд орсноос хойш байгууллагын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулъя гэж бодож байна вэ? (Худалдаа)
- Манай компанид тан шиг хүний нөөц хэрэгтэй болох талаар оюутан ахуйдаа хамгийн их хүчин чармайлт гаргасан зүйлээр жишээ татан тайлбарлана уу. (Инженер техник)
- Өнөөг хүртэлх амьдралдаа алдаанаас суралцсан зүйлийн тухай бичнэ үү. (Худалдаа)
- Танд 300 сая иен байвал дэлхийн энх тайвны төлөө юу хийх вэ? (Мэдээлэл・Харилцаа холбоо)
Баримт бичгийн шалгаруулалтыг амжилттай өгөхөд чиглэсэн арга хэмжээ
Баримт бичгийн шалгаруулалтыг амжилттай өгөхөд чиглэсэн арга хэмжээний хувьд, тухайн байгууллагын зүгээс зохион бичлгээр дамжуулаад юуг олж мэдэхийг хүсч байна вэ гэдэг нь өнөөг хүртэлх таны амьдралд ямар санаа бодол байгаад ямар үйл хөдлөлөөр илэрсэн, мөн ирээдүйн тухай ямар санаа бодолтой байна вэ гэх мэт юм.
Тийм учраас зөвхөн өөрийн төрөлхийн онцлог шинж болон туршлага мэдлэгээ эргэн санах нь маш чухал.
Мөн сонирхож буй байгууллагынхаа талаар сайтар судалж, чухам яагаад тэр байгууллагад орох хүсэлтэй байгаа талаар тунгаан бодоорой.
Зохион бичлэг бичихэд тодорхой цаг хугацаа шаардлагатай.
Сургуулийн судалгааны ажил гэх мэттэй зэрэгцүүлж явуулахын тулд эртнээс бага багаар зохион бичлэгээ бичиж дуусгаад сургуулийнхаа карьер дэмжих төвтэй зөвлөлдөнгөө засвар хийх байдлаар бэлдэх хэрэгтэй.
Бичгийн шалгалт
Бичгийн шалгалт нь тухайн шалгуулагч оюутанд тодорхой хэмжээний мэдлэг, суралцах чадвар байгаа эсэх, ажлын байранд хэрэгтэй сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар байгаа эсэх, ажлын хурд, боловсруулах чадвар, ажлын нарийвчлал зэрэг байгаа эсэх талаар мэдэж авахын тулд зохион байгуулагддаг.
Мөн олон оюутан өргөдөл гаргаж өрсөлдөөн их тохиолдолд үүнийг сонгох шалгаруулалтын үр дүнтэй хэрэгсэл болгож ашигладаг.
Бичгийн шалгалт нь үндсэндээ япон хэлээр асуултууд тавигдах ба япон хэлний унших чадвар шаардлагатай.
Тухайн компани тус тусдаа бэлтгэл хангаад шалгалтыг зохион байгуулах тохиолдол бий. Гэвч олонх компаниуд ажилд орох шалгалтын хөгжүүлэлт хийдэг тодорхой нэг байгууллагын боловсруулсан шалгалтыг авч ашигладаг.
Шалгалт нь "Чадвар үнэлэх тест", "Ерөнхий мэдлэгийн шалгал", "Зохион бичлэг буюу эссэ бичих" гэх мэт даалавруудаас бүрдэх ба дийлэнх компаниудын хувьд "Чадвар үнэлэх тест"-ээр голчлон шалгалтыг зохион байгуулдаг.
Энэхүү чадвар үнэлэх тест нь дотроо олон янз байх бөгөөд япон, англи гэх мэт хэл, математикийн мэдлэг шалгасан даалгавар гүйцэтгэл өгдөг.
Шалгалтын даалгавар нь хүнд биш боловч, олон даалгаврыг хэрхэн богино хугацаанд гүйцэтгэх вэ гэдэг нь гол асуудал болох тул тодорхой бэлтгэл хэрэгтэй.
Жишиг даалгавар (SPI3)
(1) Дараах өгүүлбэр дэх доогуур зурсан үгийн утгатай дүйхийг олно уу?
(Жишээ) Үүнээс илүүтэйгээр чармайлт гаргаж чадахгүй
① Төлөв тодорхой болох ② Эм үйлчлэх ③ Багшаасаа асуух ④ Мэдрэмжтэй байх ⑤ Хөгжим сонсох
(2) 3%-ийн давстай уусмал 200 мл, 4%-ийн давстай уусмал 300 мл тус тус байв. Энэ хоёр давстай уусмалыг нийлүүлэхэд хэдэн процентийн уусмал үүсэх вэ?
① 2.6% ② 3.6% ③ 4.6% ④ 5.6% ⑤ 6.6%
Зөв хариулт ) (1) ① Төлөв тодорхой болох (2) ② 3.6%
Бичгийн шалгалтыг амжилттай өгөхөд чиглэсэн арга хэмжээ
Юуны өмнө сонирхож буй байгууллага тань ямар төрлийн чадвар үнэлэх шалгалт авдаг талаар судлаарай.
Том корпорациуд, шинэ ажилтнууд дунд өрсөлдөөн их компаниудын хувьд "Хөдөлмөр эрхлэлтийн тухай 4 улирлын мэдээ" сэтгүүл болон чадвар үнэлэх шалгалтыг амжилттай өгөхөд чиглэсэн бодлого, аргачлалыг боловсруулдаг газраас гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнээр дамжуулан ямар төрлийн чадвар үнэлэх шалгалтыг хэр олон давтамжтайгаар зохион байгуулж буй талаар ойлголт авах боломжтой. Мөн бусад компаниудын тухайд өөрийн сургуулийн карьер хөгжлийн төвд байгаа өмнөх төгсөгчдийн тайлан эмхэтгэлээс танилцах боломжтой.
Дараагийн алхам бол чадвар үнэлэх шалгалтад тавигдах даалгаварын төрөл ба тэдгээрийг бодох аргад дадах явдал. Шалгалтын агуулга болоод тавигдах даалгаварын төлөв байдал, зүй тогтолыг олж мэдээд, түүнтэй ажиллаж дадах хэрэгтэй.
Номын дэлгүүрээр худалдаанд гарч буй чадвар үнэлэх шалгалтад бэлтгэх ном, интернетэд тавигдсан даалгаварын эмхэтгэлээр дасгал хийцгээе.
Дараа нь чадвар үнэлэх шалгалтын үргэлжлэх хугацаанд дасах явдал юм.
Чадвар үнэлэх шалгалт өгөхөд гол тулгарах хүндрэл нь богино хугацаанд олон даалгавар, ажлыг гүйцэтгэх шаардлагатай байдагт оршино.
Үр дүнтэй аргачлалаар даалгаврыг гүйцэтгэх хэрэгтэй тул дасгал сургуулилт хийж байх үедээ байнга цаг хугацааг ухамсарлаж, заасан хугацаанд даалгавар гүйцэтгэхэд дадах нь чухал юм.
Ярилцлагын шалгалт
Японд ярилцлагын шалгалт нь нэг байгууллага гэхэд л багадаа 3 удаа зохион байгуулах нь түгээмэл. Олон удаа зохион байгуулах шалтгаан нь янз бүрийн албан тушаалтай ажилтнууд тухайн хүсэлт гаргагчийн зан чанар, санаа бодол зэргийг олж нээн, тухайн байгууллагад үнэхээр хэрэгцээтэй хүний нөөц эсэх талаар тодорхойлоход оршино.
Мөн ярилцлага нь хэлбэрийн хувьд олон янз болно.
Үндсэндээ дийлэнх компани нь "Бүлгийн хэлэлцүүлэг", "Бүлгийн ярилцлага", "Ганцаарчилсан ярилцлага" гэх 3 төрлийн хэлбэрээр ярилцлагын шалгалтыг зохион байгуулдаг.
Ярилцлагын шалгалтын үеийн жишиг асуултууд
- Манай компаний бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан түүх бий юу? Мөн ямар сэтгэгдэлтэй байна?
- Байгууллага болоод ажлын тухайд хүсч буй зүйл байна уу?
- Японд ирж суралцах болсон шалтгаанаа тайлбарлана уу.
- Цаашид Японд хэр хугацаанд ажиллаж хөдөлмөрлөх бодолтой байна?
Бүлгийн хэлэлцүүлэг
4-өөс 6 хүнийг нэг бүлэг болгон хувааж, байгууллагаас өгсөн тодорхой сэдвийн хүрээнд бүлэг дотроо хэлэлцүүлэг хийх хэлбэрээр явагддаг ярилцлагын шалгалт юм.
Шалгагч тал хэлэлцүүлгийн явц, байр байдлыг хөндлөнгөөс ажиглаж үнэлгээ хийдэг. Хувь хүн бүлэгт ороод ямар гүйцэтгэл гарахыг ажиглах зорилготойгоор зохион байгуулагддаг.
Бүлгийн ярилцлага
Компани хэрэв олон оюутан ажилд орох өргөдөл гаргасан тохиолдолд ганцаарчилсан ярилцлагыг аль болох цөөн хүнтэй хийх боломжтой болгож шигших зорилгоор зохион байгуулдаг.
Бүлгийн ярилцлагын хувьд "Нэг хүнд ноогдох хариултын цаг богино", "Бусад оролцогчидтой харьцуулах" зэрэг ганцаарчилсан ярилцлагаас ялгаатай тал бий.
Ярилцлагын агуулгын хувьд шалгагч урьдчилан мэдүүлсэн өргөдлийн маягт, хувийн хэргээс холбогдолтой асуултыг асуух ба шалгуулагч дарааллын дагуу хариулт өгнө.
Ганцаарчилсан ярилцлага
Ганцаарчилсан ярилцлага нь бүлгийн ярилцлагаас илүүтэй нэг хүнд хангалттай хугацаа олгож, шалгуулагчийн онцлогийг мэдэж авах зорилготойгоороо ялгаатай.
Шалгагч мэдээж таныг асуултад хэрхэн хариулж байгааг харахаас гадна таны бие авч яваа байдал, хандлага, сэтгэл хөдлөл, ярианы өнгө аясыг шалгаж байдаг.
Шалгагч нь гаргасан өргөдөлд үндэслэн шалгуулагчаас асуулт асуун хариулт өгдөг.
Эхэндээ хувийн хэрэг, гаргасан өргөдлийн агуулгыг асуух бөгөөд цаашлаад илүү сайн мэдэж авахын тулд улам гүнзгийрдэг.
Ярилцлагын шалгалтыг амжилттай өгөхөд чиглэсэн арга хэмжээ
Ярилцлагын үеэр гаргасан өргөдөл дээр бичсэн агуулгыг лавшруулж тайлбарлахыг шаарддаг. Ярилцлагын үеэр асуух магадлалтай асуудлын хүрээнд урьдчилсан байдлаар хариулт бэлдэх хэрэгтэй.
Богино хугацаанд өөрийгөө сайтар таниулахын тулд сонсч буй шалгагчад ойлгомжтой тайлбар хийх шаардлагатай.
Таны тайлбар Дүгнэлт ⇒ Үйл явдал ⇒ Нэгтгэн дүгнэх гэсэн дараалалтай байхаар дасгал сургуулилт хийцгээе.
Ярилцлагын дасгал хийх тухайд гар утсаараа өөрийнхөө ярьж буй агуулгыг бичээд, дараа нь сонсож үзээрэй.
Харц болон ярианы өнгө, ярьж буй агуулгаа сонсож үзээд дараа нь засацгаая.
Мөн найзууд болон сургуулийнхаа карьер хөгжлийн төвийн ажилтнуудыг жишиг шалгалтын үеийн шалгагч болгоод харилцан ярих байдлаар дасгал хийх нь чухал.
Дараагийн бүлэг буюу "Бүлэг 5. Оршин суух зөвшөөрөл" -д шилжинэ үү.
(Японы оюутныг дэмжих байгууллага Зочин судлаач Күбота Манабү хянасан)
Лавлагаа